Франчайз гэрээ хэрхэн хийх вэ?
Монгол улсын
шинэ Иргэний хуулиар франчайзийн гэрээг бусдын эзэмшил, ашиглалтад
хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг гэсэн тусгай төрөлд
хамруулан 29 дүгээр бүлгээр зохицуулсан бөгөөд энэхүү харилцаа
нь өмнөх Иргэний хууль болон бусад хууль, тогтоомжоор огт
зохицуулагдаж байгаагүй юм. Иргэний хуулийн 333 дугаар зүйлд
“Франчайзийн гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа
буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар,
баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо,
төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж
авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар
тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох,
эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан
тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа
явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой
хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тодорхойлжээ. Иргэний
хуулийн зохицуулалтаас үзэхэд франчайзийн гэрээний үндсэн
шинж нь:
1. Гэрээнд оролцогч талуудынхаа хувьд франчайз өгөгч тал
буюу эрх шилжүүлэгч, франчайз авагч тал буюу эрх хүлээн
авагч хэмээх хоёр талыг томъёолсон байна.
2. Гэрээний агуулга нь эрх шилжүүлэгчийн бүлэг онцгой эрхийг
буюу эдийн бус эрхийг цогцоор нь шилжүүлж байгаа үйл
ажиллагаа, эрх хүлээн авагч нь үйл ажиллагаа явуулж,
түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг
төлөх үүргийг тус тус хүлээж буй үйл ажиллагаанаас
бүрдэж байна.
3. Франчайзийн гэрээний зүйл нь эдийн бус хөрөнгө буюу
тодорхой фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг,
бүтээгдэхүүний загвар, баглаа боодол, удирдлагын тогтолцоо,
төлөвлөлт, харилцаа, холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж
авах үндсэн чиглэл зэрэг юм.
Франчайзийн гэрээ нь оюуны өмчийн эрхтэй зайлшгүй холбогддог
бөгөөд
энэ талаараа оюуны өмчийн салбарт ашиглагддаг ойролцоо төрлийн
гэрээ тухайлбал, патентийн, барааны тэмдгийн, бүтээгдэхүүний
загварын, лицензийн гэрээнүүдтэй зарим талаараа төсөөтэй байж
болох юм.
Иймээс эдгээр гэрээнүүдээс ялгагдах гол онцлог нь франчайзийн
гэрээний хувьд эрх шилжүүлснээр явуулах үйл ажиллагаанд шаардагдах
оюуны өмчийн бүхий л эрх хамтдаа шилжихийн зэрэгцээ түүний ажил
хэргийн удирдлагын тогтолцоо, маркетинг, техник, технологийн
бодлого зэрэг нь иж бүрдлээрээ шилжиж баймааж бүрэн утгаараа
хэрэгжих боломж бүрддэг гэж үздэг. Харин дээр дурдсан лицензийн
гэрээнүүд нь ихэнх тохиолдолд гэрээний зүйл болох тухайн “эрх” нь
дангаар шилждэг байна.
Өөрөөр хэлбэл нэг талаас франчайз өгөгч уг сиситемийг бүхэлд
нь ашиглаж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгч ашиглалтад хяналт
тавих, нөгөө талаас франчайз авагч уг системийг ашиглаж тодорхой
орлого олж үүнээсээ франчайз өгөгч талд тодорхой төлбөр төлдөг
систем бол франчайз юм.
Үүнд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, бараа
үйлчилгээний тэмдэг, хуулийн этгээдийн нэрийг ашиглах үйл явц
хамаардаг.
Франчайзлагдсан систем бол бараа худалдаалах, үйлчилгээ
үзүүлэхэд ашиглагдах нэг ба хэд хэдэн барааны тэмдэг, хуулийн
этгээдийн нэр, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээл, зохиогчийн
эрхээр хамгаалагдсан бүтээлүүлд ноу-хау, бизнесийн нууцад хамаарах
оюуны өмчийн эрхийн нийлмэл систем юм.
| Буцах Гол нүүр |
|
|
|
